Хэрэв чи өнгөрсөн үе рүүгээ гар буу шагайвал ирээдүй чамайг их буугаар буудна гэж үг бий. Ямар ч үед түүхийн үнэнд хүндэтгэлтэй ханд аа гэсэн үг.
Өнгөрсөн улсын баяр наадмын өмнө УИХ-аар Баяр наадмын тухай хуулийг батлахдаа 1921 оны Ардын хувьсгалын ойг авч хаясан нь УИХ дахь сөрөг хүчин болоод олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл, маргаан дагуулсан билээ. Аз болоход Ерөнхийлөгч уг хуулийг гарсан даруйд нь бүхэлд нь хориг тавьснаар уг маргаан тэгсгээд намжсан. Гэсэн ч баяр наадмын өмнө тараасан албан ёсны арга хэмжээнүүдийн урилгыг хориг тавигдсан хуульд туссанчлан “ардын хувьсгал”-гүйгээр, “Тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ойн баяр наадам” хэмээн хэвлэсэн байв.
УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн санаачлан боловсруулж, УИХ дахь олонхийн бүлгээс хүч түрэн байж батлуулсан Улсын баяр наадмын тухай хуульд зөвхөн “ардын хувьсгал”-аар оролдоод зогсохгүй үндэсний бөхийн барилдааныг ч бас “журам”-лаж, улсын аварга, арслан цолыг дүйцүүлэн олгохоор хуульчилсан нь олон нийтийн зүгээс хамгийн их шүүмжлэл дагуулсан билээ. Өөрөөр хэлбэл, уг хууль хүчин төгөлдөр үйлчилсэн тохиолдолд “аваргыг хаяж аварга болдог” гэсэн ойлголт хуучирч, хоёр удаа үзүүрлэсэн бөх ч аварга болохоор байв. Аз болоход Ерөнхийлөгч уг хуульд бүхэлд нь хориг тавьснаар энэ “азгүйтэл” наадамчдыг нэг удаа тойрсон хэрэг.
Гэсэн ч өчигдөр хуралдсан НИТХ-аар Сүхбаатарын талбайг “Чингис хааны талбай” болгон нэрийг өөрчлөхөөр болж, НИТХ-ын гишүүдийн олонхи нь дэмжсэн байна. Ингэхдээ талбайн голд байгаа Сүхбаатарын хөшөөг хэвээр нь үлдээхээр болжээ. Ямар гээчийн даажигнал вэ? Чингис хааны талбай дээрх Сүх жанжны хөшөө.
Уг нь бол угаасаа энэ хоёр хөшөө нэг талбай дээр байгаа нь урлаг, гоо зүйн хувьд ч, утга агуулгын хувьд ч тохиромжгүй юм. Тиймээс аль нэгийг нь нүүлгэх хэрэгтэй тухай аль эртнээс л яригдаж байсан. Тэр нь ч үнэний хувьтай. Гэвч нүүхдээ хүрвэл Чинис хааны хөшөө биш, Сүх жанжны хөшөө л “хөөгдөж” таарах нь мэдээж. Тиймээс хэрвээ хот энэ талаар шийдвэр гаргах гэж байгаа бол ядахдаа эхлээд Сүхбаатарын хөшөөг байрлуулах талбай гаргаж өгчихөөд хөшөө шилжүүлж, үүний дараа харин Сүхбаатарын талбайг Чингис хааны талбай болгон өөрчилж болох байв. Тэгсэн бол наанадаж хоёр хөшөө нэг талбай дээр хэрэлдэхгүй, цаанадаж 1921 оны Ардын хувьсгал, хувьсгалын удирдагч болох Сүхбаатар нарын түүхэн үүргийг үл хүндэтгэв хэмээн бусдад хараалгахгүй шүү дээ.
Гэвч ажаад байхнээ одоо эрх барьж байгаа манай нөхдүүд түүхийн шарласан хуудсанд тийм ч хүндэтгэлтэй хандахгүй нь бололтой. Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа Улсын баяр наадмын тэмдэглэлт ойнуудаас “Ардын хувьсгал”-ын ойг хасч хаясан нь ч, сая НИТХ-аас Сүхбаатарын талбайг байхгүй болгосон нь ч гэсэн санаандгүй зүйл биш шиг харагдаад байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын түүхэнд 1921 оны Ардын хувьсгалын гүйцэтгэсэн үүргийг аль болох бүдгэрүүлэх, улмаар мартагнуулах гэсэн санаа цухалзаад байгаа юм шиг. Зүгээр Ц.Нямдорж сайдын УИХ-ын чуулган дээр хэлсэн шиг “Хэдэн муусайн гамингийн үлдэгдэл Монголын түүхээр тоглоод” байгаа ч юм биш. Зүгээр Ардын хувьсгалын тэмдэглэлт ой МАН гэдэг намын ой болоод байгаад л дургүйцлээ илэрхийлж байгаа хэрэг байх л даа. Түүний оронд Улс төрийн намынхаа хуулийг гаргаад МАН-ыг татан буулгаад шинээр байгуулчих хэрэгтэй шүү дээ. Ингэж түүхийн шарласан хуудсыг баллуурдаж байхаар. Тэгээд хэрэвзээ өөрсдийнх нь ярьдагчлан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн 1921 оны Ардын хувьсгалаас дутуугүй үнэ цэнэтэй юм бол Улсын баяр наадмынхаа хуульд өөрчлөлт оруулахдаа 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, Богд хаант Монгол Улс байгуулагдсаны ойг ч гэсэн давхар тэмдэглээд явчихна биз.
Харин одоогийнх шиг “Бид эрх барьж байгаа, бид л хүчтэй” гэсэн шиг таалагдахгүй байгаа болгоныгоо арчиж хаяад, сонгуульд ялсан нам болгон өөртөө таацуулж түүхийг зохиогоод эхэлбэл “Өнгөрсөн үе рүүгээ чи гар буугаар шагайвал ирээдүй чамайг их буугаар буудна” гэдэг гашуун үг үнэн болж мэдэх л юм. Наанадаж талбайгаа хураалгасан Сүх жанжны хөшөөг МАН-ын нөхдүүд өөрийнхөө байрны өмнө аваачаад тавьчихлаа гэхэд 1921 оны Ардын хувьсгалын түүх жинхэнээсээ МАН-ын өмч болж, харин ард түмэн хэнд нь илүү оноо өгөх бол. Уг нь хөшөө дурсгал гэдэг өнгөрсөн түүхээсээ нүүр буруулахын нэр биш, харин сайнтай ч, муутай ч түүхийн үнэнийг бодитоор нь авч үлдэхийн тулд юм шүү дээ.
Б.СЭМҮҮН
эх сурвалж: news.mn