Г.Эрхэмбаяр: Начин болох гэж яарснаас биш цолонд шунасан үе надад байгаагүй



Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222, Их Монгол Улсын 807, Ардын хувьсгалын түүхт 92 жилийн ойн их баяр наадамд ес даван түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны бөх, улсын аварга Г.Эрхэмбаяртай ярилцлаа.

 -Та Монгол Улсын 21 дэх аварга болж наа­дам­чин олноо ихэд баяр­лууллаа. Баярынхаа сэт­гэгд­лээс хуваалцахгүй юу?

-Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж надад төрж байна. Би энэ бэлгэ дэмбэрэлтэй ойн жил аварга болж байгаад баяртай байна. Үндэсний бөхийн спортод олон жил, үнэн сэтгэлээс уйгагүй зүтгэснийхээ гавьяаг хоёронтоо хүртлээ. Аварга хэмээх энэ оргил амжилтад хүрэх нэг хэрэг. Харин энэ цолыг хамгаалж барилдах нь юу юунаас чухал гэдгийг би ард түмний харцнаас олж харлаа. Би хичээх болно. Намайг дэмжиж байсан бүх хүнд дахин дахин талархаж байна. Та бүхний минь залбирал Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээг аргадаж, надад хүч өгсөн юм.

-Хоёр жилийн өмнө та их ойн баяр наадмаар ес даван үзүүрлэж, Сэлэнгэ­чүүдийн 78 жил хүлээсэн хүлээлтийг тайлсан. Тэгш тоогоор төгссөн жилийн наадамд та үргэлж ийм өнгөтэй байдаг уу?

-Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222, Ардын хувьсгалын 92, Сэлэнгэ аймаг бай­гуу­лагдсаны 82 жилийн тэгш тоо давхацсан баяр наадмаар түрүүллээ. Би чинь тэгш тоогоор төгссөн жилд цол авч, авсан цолоо мөн л энэ мөчлөгт ахиулсан байх юм. Сонин байгаа биз. Хоёрын тоо надад аз ав­чир­даг байж ч мэдэх юм.

-Та учраа бүрийг төвөг­гүйхэн буулгаж бай­гаа харагдсан. Бэлтгэл нь сайхан таарч дээ. Наадмын бэлтгэлийг хаана базаасан бэ?

-Барилдааны бэлтгэл сайхан таарсан. Би жил жилийн наадмын бэлтгэлээ “Түр хурах”-ын аманд хийдэг. Энэ хайр­хан надад өгөөжөө олон хайрласан.

-Тэгвэл энэ наадмын хамгийн хэцүү учраа, тал таараагүй бөхийг нэр­лээч?

-Тэр энэ нь гэж хэлэх арга алга. Надтай таарч барилдсан учраа бүр хүчтэй байсан. Тухайлбал дөрвийн даваанд над­тай таарч барилдсан Баян­хонгор аймгийн арслан Б.Эрдэнэхүү тун эвгүй байлаа. Түүнтэй тал таарахгүйгээс барил­дааны эхэн үед нэлээн тэвдсэн. Харин тавын даваанаас хойш сандрах нь багассан. Учир нь тавын даваанаас хойш амлаад барилдчихдаг болохоор амлуулах бөхийнхөө сул талд зо­риулан наадмын бэлт­гэлээ хангасан болоод тэр. Их шөвөгт үлдсэн бөхчүүдийн ихэнх нь надтай өмнө нь таарч барилд­сан. Энэ нь надад нөлөөлсөн юм болов уу.

-Түрүү, үзүүрийн барил­даанд гарахын өмнө Б.Гончигдамбатай хэрхэн барилдах тухайгаа бодож байв уу?

-Би өнгөрсөн барил­дааныхаа даваа унаанд найдаж дэвжээнд гардаг­гүй. Би дэвжээнд гарахын өмнө ингэнэ тэгнэ хэ­мээн ер боддоггүй юм. Тухайн үеийн барилдаанд учраа бөх маань ямар тактиктай байгаа, аль хэр бэлтгэлтэй байгаагаас ба­рилдаан ерөнхийдөө өрнөдөг.

-Та “Чингэлтэй хайр­хан”, наадмын сорилго гээд томд тооцогдох барил­даануудад зодоглоогүй. Ямар нэг бодсон санасан зүйл байв уу?

-Би заалны барил­даанд зодоглоогүй ч бэлт­гэлээ хийсээр л байсан.

-Өнгөрсөн Сар шинийн барилдаанд төвөггүй найм давж түрүүлсэн таныг энэ жил аварга болно хэмээн олон хүн бөхийн тааварт нэр дэвшүүлж байсан?

-Монголчууд Сар ши­нийн барилдаанд түрүүлсэн бөхийг наад­маар сайн барилддаг хэмээн ярьцгаадаг. Би үүнийг баталж аварга боллоо. Баяртай байна. 

-Бөхтэй хэрхэн хол­богдсон тухайгаа бидэнд ярихгүй юу?

-Манай удамд Данш­гийн босоо Шагдар, улсын заан Ц.Баярсайхан гээд бөхчүүд байдаг. Намайг өдий зэрэгтэй сайн барилдахад удам нө­лөөлсөн биз. Миний аав намайг дунд сур­гуулийн хүүхэд бай­хад улсын арслан У.Мижиддоржийн гарт хөтөлж оруулсан. Яг энэ цаг үеэс би бөхтэй илүү ойр нөхөрлөсөн гэж боддог. Үүнээс өмнө үе тэнгийн найз нартайгаа дээл хувцсаа тасдуулан байж ноцолддог байлаа. У.Мижиддорж багшийн   бөхийн дугуйланд сурал­цаж байсан хүүхдүүд ганц­хан жилийн дотор нүдэнд өртөх хэмжээнд хувирсан гэж ярих хүнтэй олон таарсан. Харамсалтай нь багш маань Улаанбаатар руу нүүж дугуйлангийн хүүх­дүүд олон хуваагдаж цаашдаа хэвийн үйл ажил­лагаа нь алдагдаж үүдээ барихад хүрсэн юм. Би ч бас бөхийн спортоос хөндийрч зургаан жил форум алдсан.

-Хэрэв тухайн үед ду­гуй­лан хаалгаа бариагүй бол гэх бодол төрж байв уу?

-Хэрэв бид чөлөө­төөрөө хичээллэж байсан бол олон тэмцээнээс медаль хүртэх байсан байх. Гэхдээ энэ зам миний аварга болох үүдийг нээж дээ гэх бодол өөрийн эрхгүй төрж байна.  

-Та яаж яваад бөхтэй эргэн холбогдох болов?

-Намайг аравдугаар анги төгсөх жил Мандал сумын овооны тахилга наадам болж байсан юм. Энэ наадамд Эрхмээ чи барилдана шүү гээд манай гэрийнхэн хэлдэг байгаа. Би зургаан жил бөхөөс хөндийрсөн болохоор барилдана гэхээр нэг л сонин санагдаж байлаа. Нэгэнт миний нэрийг өгчихсөн болохоор ба­рилдахгүй өнгөрч болох­гүй учир зодог шуудаг өмсөн гараад хийчив. Аав, ээжийнхээ ятгалгаар барилдлаа даа хэмээтэл төвөггүй хоёр давчихсан шүү /инээв/. Харин гурвын даваанд сумын заанд амлуулж унасан. Энэ барилдааныг үзсэн миний аав намайг сайн бөх болно гэж харсан байх. Тэр жилийн намар аав намайг Улаанбаатар руу дагуулж ирэв. Тэгээд нэг их том биетэй хүн миний бөхийн багш болох нь одоогийн улсын харцага Г.Элбэг байсан юм. Яг энэ үеэс л аваргын анхны гараа эхэлсэн гэхэд буруудахгүй биз.    

-Та улсын начин цол хүртдэг жилээ харцага цол­ны даваанд тун хариуц­лагагүй барилдаж унасан. Тэр барилдаан санаанаас ер гардаггүй юм. Хэрэв ту­хайн үед Б.Батбаатар харцагыг хаясан бол өдийд ямар ч цолтой байх бол гэсэн бодол төрдөг үү?

-Шинэ цол хүртсэн бөхийн салхи гэж тэр. Улсын цол хүртээд их баярлаж, яарч байснаас л үүдэлтэй алдаа. Тухайн үед цолоо ахиулах гэж яарсан миний алдаа харцага цолоо  Б.Батбаатарт ал­дахад хүргэсэн юм. Би тэр барилдааны бич­лэгийг дахин дахин харж их ухаарлыг олж авсан. Хэрэв тухайн үед харцага болсон бол гэж ер бодож байгаагүй юм байна. Тэрхүү гоомой барилдаанаас Эрхэмбаяр хашир суу­сан хэрэг. Тэгэхээр би буруу зүйл хийгээгүй ч юм шиг.

-Та анхныхаа цолыг сумын наадмаас эхлүүлсэн үү?

-Би сумынхаа Түнхэл тосгоны баяр наадамд түрүүлж сумын заан бол­сон. Харин 2001 онд Г.Элбэг багшийгаа дагаж Хөвсгөл аймгийн 70 жи­лийн ойн баяр наадамд зодоглосон. Энэ наадмын зургаагийн даваанд ул­сын начин Б.Бадралыг өвдөглүүлж аймгийн начин цолтой болсон. Энэ цолтойгоо тө­рийн наадамд хоёр жил барилдсан боловч доогуур даваанд унасан.

-Аймгийн арслан болох гэж яарахгүй байсан хэрэг үү?

-Үгүй. Би харин 2002 оны наадамд начин болох гэж их яарсан. Түүнээс өөр цолонд шунасан үе надад байхгүй.

-Яагаад тэр вэ?

-Учир нь тэр жил ми­ний аавын бие таа­руу байсан болохоор ул­сын цол авч аавыгаа баярлуулъя гэж л бодоод тэр. Аав минь намайг бөх болоход хамгийн их нөлөөлсөн хүн. Тиймээс аавыгаа амьд сэрүүнд нь улсын цол авч ачийг нь хариулъя гэж бодоод.  

-Ингэхэд аварга маань шинэ цол­ныхоо найрыг хэзээ хийх гэж байна вэ?

-Одоогоор шийдсэн зүйл алга даа. Өдрийн сайныг харж байгаад нутагтаа хийх бодолтой байна.

-Та одоогоос най­ман жилийн өмнө нэгэн хэвлэлд өгсөн ярилц­лагадаа улсын заан бо­лохыг мөрөөддөг хэмээн ярьж байсан. Тэр мөрөөдөл биелж та аварга боллоо. Тэгвэл шинэхэн аваргын цаашдын мөрөөдлийг сонирхож болох уу?

-Аливаа юманд хэмжээ хязгаар гэж байх ёстой. Хүн мөрөөдлийнхөө цаадахыг атгаж болохгүй. Эрхэмбаярт заяасан энэ их хувь тохиолыг ноён нуруу, жудаг, сайхан бүхнээр л хариулахыг хичээж байна.

-Та начин цолтой байхдаа үеийн шижгэсэн бөхчүүдтэй мөн ч их тунадаг байж билээ. Одоо тунаанаас гараад амар байна уу?

-Тэгж ярьж болохгүй. Би гэдэг хүн чинь тунасны хүчинд өдий зэрэгтэй яваа юм. Тунах, ам авч барилдах хоёрын хооронд асар их ялгаа байдаг. Жишээ нь би чинь улсын цолны өндөр босгонд олон жил бүдэрсэн. Иймд зарим залуусыг амлахаас халшираад байдаг. Тэглээ гээд өөрт хэцүү бөх амлалтай нь биш. Амлах л болж таарна даа.

-Та Монгол Улсын 21 дэх аварга боллоо. Та­ны эрэмбэ улсын авар­га О.Балжинням, Д.Сумъяабазар, С.Мөнх­бат нарын дээр гарна. Нэг ёсондоо та авар­гуудыг ам­лах эрхтэй гэсэн үг?

-Өнгөрсөн наадмаар би шөвгийн дөрөв, түүний өмнөх жилд үзүүрлэж арслан болсон. Тиймээс миний эрэмбэ дээшлэх байх аа. Харин аварга цолтой бөхийг амлах гэдэг арай л өөр хэрэг. Аварга цолтой бөхийг ам­лана гэхээр санаанд нэг л бууж өгөхгүй байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.

-Баярлалаа.

Эх сурвалж: zuuniimedee.mn
Д.ЖАВХЛАН

Penulis : barsaa ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Г.Эрхэмбаяр: Начин болох гэж яарснаас биш цолонд шунасан үе надад байгаагүй ini dipublish oleh barsaa pada hari Monday, July 15, 2013. Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 0 komentar: di postingan Г.Эрхэмбаяр: Начин болох гэж яарснаас биш цолонд шунасан үе надад байгаагүй