М-Си-Эс Группын 20 жилийн ойг тохиолдуулан тус группын бүрэлдэхүүнд багтдаг Юнител, Юнивишн компаниуд “Монголкино HD” төслийнхөө хүрээнд 7 сарын 11-ний өдөр Сүхбаатарын талбайд “Дэлгэцийн сор бүтээлийг дэргэдээс нь” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.Хүрэлцэн ирсэн наадамчин олон “Цогттайж”, “Гарьдмагнай”, “Зэрэг нэмэхийн өмнө”, “ТунгалагТамир” зэрэг алтан үеийн кинонуудын үзэгчдийн сэтгэлд хоногшсон, бидний амьдралдаа жишээ татан ярих дуртай онцлох хэсгүүдэд өөрсдөө гол дүрийг бүтээж, зураг авалтанд оролцон нэгэн өдрийг Монгол киногоо дурсан санаж, эх түүхээ танин мэдэж өнгөрүүллээ.
Мөн Архивын Ерөнхий Газар болон Монголын Театрын музейд хадгалагдаж буй хуучны Монгол киноны ховор нандин гэрэл зураг, зурагт хуудас, камер хэрэгслийг дэлгэн тавьж, кино сонирхогчдын нүдийг хужирласан юм. Задгай кино театрт HD формат руу хөрвүүлсэн киноны дээжээс сонирхуулахын зэрэгцээ “Мандухай сэцэн хатан”, “Нандин-Эрдэнэ” зэрэг киноны шилдэгдуу, хөгжмийг эгшиглүүлсэн нь цугласан олны сэтгэлийг сэргээж, зүрхийг огшоож байлаа.Үндэсний их баяр наадмын үеэр наадамчин олныг Монгол киноны ертөнцөөр аялуулсан уг арга хэмжээ нь энэ жилийн наадмыг өргөн дэлгэр болгоод зогсохгүй, Юнител группын хувьд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буйн тод илрэл боллоо.Одоогийн байдлаар “Монгол кино HD” төслийн хүрээнд нийт 20 гаруй хуучны хальсан дээр хадгалагдаж байсан алтан үеийн дэлгэцийн бүтээлийг HD формат руу хөрвүүлжээ.Ингэснээр хуучирч, дүрс нь шарласан киноны хальсыг сэргээн засварлаж, Монголын ард түмний оюуны их өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, дэлхий нийтэд сурталчлан таниулахад бодитой хувь нэмэр оруулж байна.
эх сурвалж: news.mn/