Чойроос Сайнд шанд хүртэлх шороон замыг жолооч нар андахгүй. Хөрс нь сул. Зуны улиралд шавар, шалбааг ихтэй, гүнзгий ховил, хонхорхой олонтой болохоор тойрч давхих гэсээр олон салаа зам гарсан. Зам сайн мэдэхгүй хүн хаагуур явах учраа ч олохгүй, хэсэгтээ мунгина. Энэ олон замуудын алинаар явбал Замын-Үүдийн барааг харах бол оо хэмээн хошигнох нь бий. Уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэдэг, нүргэлсэн дуутай хүнд даацын машинууд говийн сул хөрсийг эргүүлээд хаячихсан гэхэд хэтрүүлсэн хэрэг биш ээ. Үүнээс үүдээд малын бэлчээрийг ч ихэд сүйтгэжээ. Үнэхээр байгаль орчинд учруулсан хохирлыг мөнгөн дүнгээр тооцвол толгой эргэм тоо гарах нь мэдээж. Тэр хавьд нутагладаг иргэд тоосжилтоос үүдэн өвчин эмгэгт ээрүүлж байгааг ч үгүйсгэх аргагүй юм.
Манай улсын дэд бүтэц үнэхээр тааруу. Хөгжилд хүрье гэвэл үүнийг шийдэхгүйгээр сайхан зүйл мөрөөдөөд ч нэмэргүй ээ. Адаглаад л чухал зангилаа болсон цэгүүдээ холбосон автозамгүйгээс үүдээд улс орны эдийн засгийн хөгжлийг чөдөрлөж байна. Жишээ нь Монгол Улс импортын барааныхаа дийлэнх хэсгийг урд хөршөөс татдаг. Гол ачаа тээвэрлэлт Замын-Үүдийн боомтоор орж гардаг гэсэн үг. Авто замын сүлжээ хөгжөөгүйгээс дан ганц төмөр замд найдахаас аргагүй. Ачаа, тээвэрлэлт эрс нэмэгдлээ, Эрээнээс ачаа их ирлээ гээд хоёрдахь гарцыг ашиглаад зөөвөрлөе гэхээр засмал замгүй. Чойроос Сайншанд хүртэлх толгой эргүүлсэн салаа замын учрыг олж, там болсон замаар салганаж давхиснаас Зам-Үүдэд хэдэн хоног ч хамаагүй хүлээгээд төмөр замаар тээвэрлүүлэхийг наймаачид илүүд үзнэ. Ингээд л удаж, удаж хотод ирсэн барааны үнэд хүлээлтийн хөлс, Зам-Үүдэд гацсан өдрүүдийн нэмэгдэл зардал шингэнэ. Эмээ маань будаа, ургамлын тос, жимс жимсгэний үнэ 150-200 төгрөгөөр өсчихөж, яахаараа ингээд байнга нэмэгдээд байна аа хэмээн үглэх нь олонтаа. Нэг цэгт бөөгнөрөл үүсснээс үүдээд үнэ өсч, иргэдийн хэтэвчийг “тэмтэрч”, инфляци гэгчийг хөөрөгддөг . Улсын их хурлын хэд хэдэн гишүүд өнгөрсөн хавар Зам-Үүдэд ажиллаж ирчихээд толгой сэгсэрч байв. Жимс жимсгэнэ хил дээр гурав хоног, Замын-Үүд дээр вагоноо хүлээгээд дөрөв хоног, Улаанбаатар руу ирэх гэсээр байтал бараг арав хонодог учир муудах эрсдэлтэйг ярьцгааж байлаа. Манайхан жимсээ муудуулахгүйн тулд дулаалах гээд элдэв янзын арга хэрэглэдэг гэсэн. Тэр нь тийм ч үр дүнтэй биш. Үнэндээ Замын-Үүдээс нийслэл хот хүрэх замыг Монголын “Торгоны зам” ч гэж нэрлэж болох юм. Энэхүү зам бүрэн засмал болчихвол энэ хооронд “сүлжилдэж” байгаа хүмүүсийн цаг хугацааг товчилж, шатахуун хэмнэж, машины эвдрэл багасч, транзит ачаа тээвэрлэлтийн хэмжээ ч нэмэгдэнэ гээд ач холбогдлыг тоочоод барахгүй. Нүд чилээсэн цэлгэр тал, элстэй манхан дундах дорнын говьд аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдаас мөнгө “саах” боломж ихтэй. Учир нь эх орны өнцөг булан бүрээс төдийгүй гадаадынхан зорьж очдог гол газар бол хүслийн ХарУул, Хамарын хийд. Дэлхийн энергийн төв болохоор арга ч үгүй биз ээ. Хэрвээ Чойроос Сайншанд хүртэлх авто зам ашиглалтад орвол өглөө нь хотод, өдөр нь Хамрын хийдэд оччихсон байна. Мөн Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор баригдаж, зууны бүтээн байгуулалтын их үйлсийн чимээ ч сонстож буй. Ийм үед АНУ-ын Мянганы Сорилтын Корпорациар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж буй 6 томоохон төслийн нэг бол Чойр-Сайншандыг холбосон 176.4 км Автозамын төсөл юм. Энэ зам наймдугаар сард хугацаанаасаа өмнө ашиглалтад орох гэж байна. Америкийн ард түмний тусламжийн хөрөнгө ийнхүү нүдээ олсон зүйлд зарцуулагдаж олон жил ярьсан, хүсэн хүлээсэн засмал замтай болголоо. Одоо Сайншандаас Замын-Үүд хүрэх хэдхэн км замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бариад дуусчихвал Азийн хурдны замын сүлжээнд нэгдэн орно. Зөвхөн урд хөрш төдийгүй цаашлаад Европтой холбогдох гарц ч нээгдэх юм. Ингэснээр хойд, урд хөршийн хилийн боомттой, бас далайд гарцгүй Монгол дэлхийтэй энэ замаар холбогдоно гэхэд хэтрүүлсэн хэрэг биш ээ.
эх сурвалж:news.mn